Tuesday, January 1, 2013


Бүх зүйлд сэтгэл хангалуун байхын үндэс бол хамт олондоо үнэлэгдэх явдал юм. Найз, хамтран зүтгэгч Анхбаярын "Барууныхны тэмдэглэл"-с иш татан орууллаа.
Энэ бол манай багын шинэ үеийн түүхийн эхлэл байсан юм.


2008 оны хавар санаа нийлсэн хэсэг залуус Монголын хөлбөмбөгийн ногоон талбайг эзэгнэхээр нэгэн багийг байгуулж байлаа. Багийг санаачлагчид нь багийн хамгийн туршлагатай, ахмад тоглогч болох Э.Тамир, мөн Цогбадрал, Галмандах, Идэрмөнх зэрэг Ховд нутгийн уугуул, дөнгөж оюутан болоод ганцхан жил болсон залуучууд байлаа. Анхны юм бүхэн сайхан, дурсгалтай байдаг, түүний хамтаар хүнд хэцүү зүйл ч олон байсан шиг санагдаж байна.
Тухайн үедээ багаа ямар нэрээр нэрлэх үү хэмээж байсан боловч оновчтой нэр өгч чадалгүй, төрсөн нутгийнхаа нэрээр буюу Ховд гэж нэрлэн, анх тоглож эхэлсэн. Бид нар хөлбөмбөгийг тоглож эхлэхдээ сургалтаар бус сэтгэл зүрхээрээ тоглож сурсан  учраас тухайн үед хотын хөлбөмбөгийн сургалттай хүүхэд залуучуудтай тоглоход байнга л бэрхшээл тулгардаг байсан. Тэр үед бид нарт дайчин чанар, хөлбөмбөгийг гэсэн сэтгэл зүрх л байлаа. Уяагүй морьд шиг, эзэнгүй хонин сүрэг шиг л хэдэн залуучууд тоглодог байлаа.
Тэр жил буюу 2008 онд Бүх Ард түмний спартакиад болж Ховд аймгаа төлөөлөн оролцож байв. Дархантай тэнцэж, хотын 2 дүүргийн багт их л олон тооны зөрүүтэй хожигдож байж билээ. Тэглээ гээд бид ухарч няцсангүй, бууж өгсөнгүй, улам шаргуу тоглосоор л байлаа. Хотод байгаа уугуул нутгийнхаа залуучуудаар хүчээ сэлбэж, мөн нутгаасаа арван жилээ төгсөж ирсэн өсвөрийн хүүхдүүдээр хүчээ байнга л сэлбэдэг байсан.
Намрын нар салхи, өвлийн хүйтэн жавар, хаврын хавсарга салхийг үл ажран бид нар тоглоод л.... Ирэх онд нь буюу 2009 оны хавраас тэмцээнүүдэд орж эхэллээ. Ихэвчлэн Монголын хөлбөмбөгийн холбооноос зохиодог тэмцээнд ордог байв. Тухайн үед сонирхогчдын тэмцээн ч цөөхөн болдог байж, нэртэй л TIGER LEAGUE байлаа.
Тэр жилийн бидний анхны тэмцээн “Аймгуудын цом” байлаа. Тэр тэмцээнд Дархан, Сэлэнгэд хожигдож, Дорнодыг хожиж тэмцээнээ дуусгаж байлаа. Анхны тэмцээндээ хожилтой ч их олон зүйл ухаарсан, тэр олон ухаарлынх оргил нь дасгалжуулагчтай болох байсан юм.   
Үргэлжлэл:
Ийнхүү бид хайсаар л байв, хажуугаар нь делта клубын ах нартайгаа маргалдан, сайндан тоглосоор л байсан. Мөн багийнхаа нэрний талаар бодсоор л, ярилцсаар л байлаа.
Тэр нэг хаврын өдөр багийн маань капитанаас “орой 5 цагаас 5-р сургууль дээр бэлтгэлтэй шүү, дасгалжуулагч шалгах учраас заавал ирээрэй” гэсэн мессэж ирсэн санагдаж байна. Ийнхүү би, бас манайхан бүгд л цугларлаа. Багийн ахлагч маань нэг хүнийг танилцуулж, тэр ах нэрээ Болор гэж танилцуулсан.
Тэр хүн бид нарыг их удаан гүйлгэж билээ, дараа нь биднийг цуглуулаад, дасгалжуулахаа илэрхийлээд хүн тус бүртэй уулзаж, багийнхантай бүгдэнтэй нь юм хум ярилцаад, жаал тоглуулаад тараасан юм. Тэр ахыг бид нар “дасгалжуулагч”-аа хэмээн дуудахад тэр ах намайг дасгалжуулагчаа гэж битгий дууд, их хөндий юм шиг санагддаг, тиймээс зүгээр л БОЛОР ах гэж дуудаарай гэсэн. Их л сонин санагдаж билээ, тухайн үедээ...
Тэр үед бид багийнхаа нэрийг Western гэж нэрлэлээ. Барууныхан л гэсэн үг л дээ. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэвэл бид ХОВДынх... Энэ бол хамгийн сайхан нь. Ховд Western FC.
Бид нар 15-р хорооллын талбай, 96-р сургуулийн талбай гээд бүгдэн дээр нь бэлтгэл хийдэг боллоо. Тэр үед маш их гүйлгэдэг байж билээ, Болор ах бидэнд “ бид нар лигийнхнээс бүх талаараа дутуу, гэвч бид нар тэдэнтэй гүйлтээрээ ядаж ижилхэн байх хэрэгтэй” гэж зөвлөдөг байлаа. Тун удалгүй 2009 оны хөлбөмбөгийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Бид Д зоонд лигийн Хоромхон, Соёмбын барсууд гэсэн 2 багтай хуваарилагдаж, нэг хожиход л зооноосоо гарахаар сонирхолтой мөртлөө сайхан сугалаа таарсан байлаа.
Эхний тоглолтоо Соёмбын барс багтай хийж 5-1 гэсэн харьцаагаар хожиж бөөн баяр болж билээ. Омогшоод л, хөөрөөд л, баярласан гэж жигтэйхэн. Залуучуудын УАШТ шүү дээ. МХБХ-ы хамгийн том гэгдэх 3 тэмцээний нэг. Үндэсний лиг, Боргио кап нэг Залуучуудын УАШТ. Баярлахгүй байхын аргагүй.
Дараа өдөр нь бид лигийн Хоромхон багтай тоглосон юм, анх удаагаа лигийн багтай албан ёсны тэмцээн дээр тоглохоор гарцгаасан. Ингэж талбайд гарахдаа манайхан маш их түгшиж, догдолж байсан нь гарцаагүй болов уу??? Гэвч Хоромхон 2 Вестэрн 0. Бид тэр тоглолтонд маш сайн тоглосон. Багийн ахлагч Нуга/Цогбадрал/ хаалгачийн эсрэг ганцаараа 2 удаа гарч, боломжоо алдсаныг, Амато/Амартогтох/, Галуу/Галмандах/ нар 16 дотроос сандарч хаалгач руу 3н ч удаа цохисныг эс тооцвол шүү дээ, гэхдээ хамгаалагч Ээгий/Эрдэнэ-Очир/-ийн 1 зөрөлт, Улсболд/Хоромхон/-ын манай багийн хамгийн өндөр тоглогчид болох Пүүгий/Эрдэнэбаатар/, Галуу 2-ын дундаас мөргөсөн хоёрхон үйлдэл л 2 гоол болсон доо хөөрхий.  Хэхэ. Гэхдээ л лиг бол лиг шүү дээ.

No comments:

Post a Comment